Амьдрал бол аялал
Өнөө өглөө ажилруугаа яаран, түгжрэл дунд явж
байхдаа нэгэн зүйлийг анзаарав. Бид завгүй, бас дахиад л завгүй гэж явсаар
өөрсдийн одоо байгаа байдал, амжилтаа үнэлж өөртөө бас амьдралд талархахаа
мартчихжээ. Яг одоогийн амьдралын эд, эс ширхэг бүрийн сайхан, муухайг
мэдрэхгүй зөвхөн л урагшлах ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээр,
тэмүүлсэн чиглэлтэй амьдарсаар. Миний амьдарч буй гэрээс тэднийх илүү
сайхан харагдаж, миний эргэн тойрны орчноос бусдын орчин илүү сайхан
харагдаж, одоо байгаа ажлаас өөр нэг албан тушаал илүү их ажил хийх боломжтой
юм шиг бодож түүний төлөөний хээ тэмүүлсээр.
Мэдээж амьдралд зорилго тэмүүлэл байх ёстой ч
хүний шунал гээч зүйл авах тусам улам шунаж, хэзээ ч ханаж цадахгүй зүйл. Бид
хүсэл шуналдаа хөтлөгдөн амьдарч болох ч түүний ард бидний амьдралын хугацаа
урсаж байдгийг санах хэрэгтэй. Бас Аз жаргал гэж юу болох талаар сайн
бодох нь чухал.
Минийхээр аз жаргал гэж сэтгэл хангалуун, тайван
байх тэр мөч, тэр мэдрэмж. Ямар ч зүйл хэмжээ хязгаартай байдгийг санаж
юуг ч хэтрүүлэхгүйгээр сэтгэл хангалуун амьдрах нь сайхан. Мэдээж өөрийн аз
жаргалын төлөө бусдын аз жаргалыг булааж болохгүй.
Магадгүй бид энэ амьдралд яг л жуулчин шиг ирдэг
байж болох юм. Хүмүүс жуулчлал хийхийн өмнө маш их хөдөлмөрлөж мөнгө цуглуулж,
ажил амьдралаа зохицуулж байж урт хугацааны аялалд гарах боломжтой болдог, тэгж
чадахгүй хүмүүс ч олон байгаа. Бид ч мөн ялгаагүй энэ ертөнцөд хүмүүн төрлийг
олж төрхийн тулд маш урт зам туулж энд ирэх эрх авсан.
Жуулчид аялан явахдаа замд өнгөрч байгаль буй очиж буй
газар бүрийнхээ сайн сайхныг мэдрэх гэж хичээдэг. Тэд хэзээ ч хамгийн
сүүлийн газар нь хамгийн сайхан гэж түүнрүү л зөвхөн яардаггүй. Маш тайвнаар явсан
газар бүрийн сайн сайхан, бэрхшээл бартаа бүрийг мэдэрч харж өнгөрөхийг
хичээдэг. Хүйтэн газарт очвол хүйтнийг нь мэдэрч, халуун элсэн цөлд халуун бас
хязгааргүй үргэлжлэх элсэн цөлийг харж, мэдрэх гэж аялдаг.