Бүх ахмадууддаа ахмадын баярын
мэнд хүргэе. Өчигдөр ахмадын баярын өдрөөр Сүхбаатарын талбайгаар явж
байгаад ахмадуудын баярт зориулсан бүжгийн үйл ажиллагаатай таарлаа. Энд
ахмадууд бас зарим нэг залуус ч бүжиглэж байна. Үнэхээр сайхан, миний
сэтгэл их хөдөлсөн. Урлаг гэдэг хүнийг ямар сайхан хөглөж өгдөг юм бэ
гэж бодож зогслоо. Хөгжмийн аяс, бүжиглэж буй ахмадууд, хараад л өөрийн
эрхгүй толгойгоо тохиж, хэмнэлээр нь хөлөө хөдөлгөж хэсэг зогсов.
Сэтгэл санаа ч сайхан. Зорьж явсан ажлаа орхиод тэнд зогсоод л баймаар
байлаа. Даанч цаг тулсан тул яах ч аргагүй бүжгийн аяыг амандаа аялсаар
алхсан юм. Энд ахмадууд маань олон янзын бүжиг бүжиглэж байсан, Задгай
цагаан, Танго гээд л бид нар ч мэдэхгүй бүжгийг бүжиглэж байна лээ.
Хамгийн сайхан нь Бүжиглэж байгаа ахмадууд маш аз жаргалтай, цог
золбоотой харагдаж байсан. Тэднийг хараад өдөр бүр биш гэхэд 7 хоногт 1
удаа ингэж бүжиглэж байвал тэд залуу, цог золбоотой байх юм байна даа
гэж өөрийн эрхгүй бодсон шүү. Тэгээд дүүрэг бүрт байдаг соёлын газар бас сайн
дураараа ахмадуудад бас нийгэмд хэрэгтэй зүйл бүтээхээр оюун санаагаа
чилээж яваа нөхөд минь 7 хоногт 1,2 удаа эдгээр хүмүүст бүжиглэх
боломжийг бүрдүүлэн зохион байгуулаад өгвөл зүгээр юм. Зун бол гадаа,
өвөл бол дулаан байранд тэгвэл бидний ахмад үе илүү цог золбоотой, аз
жаргалтай байж, нийгэмд маань ч бас тайван амгалан орчин бүрдэж, бидний
үр хүүхэд хойч үеийнхэнд зөв үлгэр дуурайл болох юм.
Зөвхөн ахмадууд гэхгүй бид өөрсдөө ч үр хүүхэд маань ч урлагт дурлаж, бүжиг
дуу гэх мэт өөрийн сонирхдог зүйлст тэмүүлж, түүндээ цаг заваа зориулж
түүнээсээ сэтгэлийн цэнгэл эдэлж байх хэрэгтэй юм байна.
Бидний эцэг эх ардчилалын шуурганд ганхаж, үр хүүхэд гэр орноо хоолтой
ундтай байлгах гэж цаг наргүй ажилласаар өөрсдийнхөө төлөө цаг зав
гаргахаа умартаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дуртай зүйлдээ
цаг гаргах гэдэг ойлголтыг мартчихжээ. Эцэг эхийнхээ үргэлжлэл болсон
бид ч ялгаа алга сурч боловсрох, ажил, амьдрал зохиох гээд л нэг л
завгүй амьдарсан хүмүүс, энэ байдал маань зуршил болон бид ажиллахын
төлөө амьдрах болоод байна. Уг нь бол бид сэтгэл хангалуун амьдрахын
тулд л сурч, ажиллаж, завгүй гүйлдэж байгаа улс. Нийгэм ч бидний завгүй
байдлын хөлд чирэгдэж, байнга л завгүй байх орчинг бүрдүүлснээр,
гудамжаар дүүрэн яарсан бухимдсан, хөмсөг зангидсан, яарсандаа цээж нь
хөлнөөсөө түрүүлж тэмүүлсэн хүмүүс, бид хэзээ нуруу тэнэгэр, цээж
дөвхөгөр, инээмсэглэл дүүрэн царайтай алхах улс вэ.
Бид өөрсдөө л өөрчлөх хэрэгтэй байна. Ингэж байж, сайхан тайван амгалан нийгэм бүрдэнэ ш дээ.
No comments:
Post a Comment