Tuesday, April 8, 2014

Амьдрал бол аялал

Амьдрал бол аялал
Өнөө өглөө ажилруугаа яаран, түгжрэл дунд явж байхдаа нэгэн зүйлийг анзаарав. Бид завгүй, бас дахиад л завгүй гэж явсаар өөрсдийн одоо байгаа байдал, амжилтаа үнэлж өөртөө бас амьдралд талархахаа мартчихжээ. Яг одоогийн амьдралын эд, эс ширхэг бүрийн сайхан, муухайг мэдрэхгүй зөвхөн л  урагшлах ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээр, тэмүүлсэн чиглэлтэй амьдарсаар. Миний амьдарч буй гэрээс тэднийх илүү сайхан харагдаж, миний эргэн тойрны орчноос бусдын орчин илүү сайхан харагдаж, одоо байгаа ажлаас өөр нэг албан тушаал илүү их ажил хийх боломжтой юм шиг бодож түүний төлөөний хээ тэмүүлсээр.
Мэдээж амьдралд зорилго тэмүүлэл байх ёстой ч хүний шунал гээч зүйл авах тусам улам шунаж, хэзээ ч ханаж цадахгүй зүйл. Бид хүсэл шуналдаа хөтлөгдөн амьдарч болох ч түүний ард бидний амьдралын хугацаа урсаж байдгийг санах хэрэгтэй. Бас Аз жаргал гэж юу болох талаар сайн бодох нь чухал.
Минийхээр аз жаргал гэж сэтгэл хангалуун, тайван байх тэр мөч, тэр мэдрэмж. Ямар ч зүйл хэмжээ хязгаартай байдгийг санаж юуг ч хэтрүүлэхгүйгээр сэтгэл хангалуун амьдрах нь сайхан. Мэдээж өөрийн аз жаргалын төлөө бусдын аз жаргалыг булааж болохгүй.

Магадгүй бид энэ амьдралд яг л жуулчин шиг ирдэг байж болох юм. Хүмүүс жуулчлал хийхийн өмнө маш их хөдөлмөрлөж мөнгө цуглуулж, ажил амьдралаа зохицуулж байж урт хугацааны аялалд гарах боломжтой болдог, тэгж чадахгүй хүмүүс ч олон байгаа. Бид ч мөн ялгаагүй энэ ертөнцөд хүмүүн төрлийг олж төрхийн тулд маш урт зам туулж энд ирэх эрх авсан.



Жуулчид аялан явахдаа замд өнгөрч байгаль буй очиж буй газар бүрийнхээ сайн сайхныг мэдрэх гэж хичээдэг. Тэд хэзээ ч хамгийн сүүлийн газар нь хамгийн сайхан гэж түүнрүү л зөвхөн яардаггүй. Маш тайвнаар явсан газар бүрийн сайн сайхан, бэрхшээл бартаа бүрийг мэдэрч харж өнгөрөхийг хичээдэг. Хүйтэн газарт очвол хүйтнийг нь мэдэрч, халуун элсэн цөлд халуун бас хязгааргүй үргэлжлэх элсэн цөлийг харж, мэдрэх гэж аялдаг. 


Хэн аяллын хамгийн сүүлийн дурсгалт газар хамгийн сайхан нь гэж хэлсэн юм бэ. Хэн ч тэгж хэлээгүй бас тийм байдаггүй. Бидний амьдрал ч мөн ялгаагүй бидний яг одоо харж төсөөлж тэмүүлж буй цэг хамгийн сайхан нь биш, бидний өдөр бүр хамгийн сайхан. 
Өөрийн орон сууцгүй ч түрээсийн байранд амьдарч хамтдаа тэмцэж буй бидний амьдрал сайхан, Өөрсдийн машингүй хамтдаа хүүхдээ тэврээд автобусаар ажил, цэцэрлэгтээ явж байгаа бидний амьдрал сайхан, хийх ажилтай, яарах гэр бүлтэй байх сайхан.
Нимгэн хөнжилтэй ч тэврүүлээд, тэврээд унтах хайртай хүмүүстэй бид жаргалтай, ажлаа тараад очиход гэрэлтэй цонх угтах хамгийн сайхан, зөвхөн өөрийнхөө төлөө биш өөрийн бусдын төлөө ажиллаж амьдарч, үүрэх хариуцлагатай бид жаргалтай. Уулзаад чин сэтгэлээсээ ярилцах найзуудтай бид жаргалтай, Үргэлж миний төлөө санаагаа чилээх аав, ээжтэй бид жаргалтай. Охиндоо, хүүдээ хайртай шүү гээд ил хэлэхгүй ч хайр халамж, үйл үйлдлээрээ бидэнд хайртайгаа үргэлж харуулж мэдрүүлж байдаг Аав, ээжтэй бид хамгаас жаргалтай хүмүүс. 

 Жаахан духтай бодоод үзвэл яг одоо чамд байгаа бүхэн чиний бүтээл сууж буй ширээ чинь, яг одоо өмсөж буй хувцас, чиний найз нөхөд бүгд чиний магадгүй нилээд хэдэн жилийн өмнө бодож, мөрөөдөж байсан орчин бид зорилгодоо аль хэдийнээ хүрсэн.  Мөрөөдөлдөө хүрсэн бид жаргалтай байх ёстой, Яг одоо бүх зүйлдээ сэтгэл хангалуун жаргалтай байж мөрөөдөлрүүгээ тэмүүлж амьдрах нь чухал. Бидний мөрөөдөл биелэх мөч хэдий сайхан ч бидний нөгөө аяллын хугацаа ард нь гүйж байдгийг санаж цаг мөч бүрийг мэдэрч өнгөрөөх нь чухал.

      Давс гашуун гээд дандаа сахар хэрэглэдэггүй шүү дээ. Яг үүнтэй адилаар хосуудын харилцаа дандаа инээд хөөртэй аз жаргалтай байдаг бол бас л уйтгартай хэн нэгэн нь нэгэндээ тунирхаж нөгөө нь аргадаж уучлалт гуйж эвлэх сайхан, эзгүй нэгнээ хүлээх хүлээлт гэдэг бас байсан. Энэ амьдрал давс, сахар 2 ийг хослуулсан байдаг. Тийм болохоор л амьдрал үнэхээр сайхан. 

3 жилийн өмнө би нэг хүнтэй ярилцаж байгаад яг одоо бүх зүйл тодорхойгүй амьдралын маань жаахан төвөгтэй үе байна. Унтаад сэрэхэд аль хэзээний 3 сар өнгөрсөн байгаасаа тэр үед байдал ямар болсон байх бол гэж хэлж байсан, тэгсэн тэр надад тэгж бодож болохгүй ээ төвөгтэй хэцүү санагдаж байсан ч энэ чиний амьдрал чи мэдрэх ёстой гэж байсан. Үнэхээр тэр үед тэр хэсэг 3 сар орчмын хугацааг өдөр цаг хором бүрийг нь мэдрэхгүй өнгөрүүлмээр байсан. Одоо бодоход тэр үе тийм ч хэцүү байгаагүй. Би тэнэг зүйл бодож байж гэж боддог.  Зарим үед цаг хугацааг гүйлгэчихмээр санагддаг тэр дунд бидний мэдрэх ёстой олон мэдрэмж байдаг юм билээ. 




No comments:

Post a Comment