Thursday, May 19, 2011

Хүлээлт

Гадаа зогсоод л баймаар

Нүүрээ тэнгэрт харуулан
Зогсоод л баймаар

Цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар

Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар

Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар

Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар

Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар

Чихэнд минь зүүсэн ээмэг
Чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод
Зогсоод л баймаар

Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар

Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

Эх сурвалж:   http://boogii.blogspot.com

Тэнгэр шиг бай

О.Дашбалбар

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Monday, May 9, 2011

Харахаас ялдам хонгор бүсгүй

Харахаас ялдам хонгор бүсгүй минь
Хайрын тухай битгий дуулаач
Найланхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Дэнлүү хоёр нүдэд чинь би
Дэнгийн эрвээхэй шиг шатчихгээд байна
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна
Харахаас ялдам хонгор бүсгүй минь
Хайрын тухай битгий дуулаач
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий

Найланхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүрээ үзүүлээч
Насан эдэр залуудаа би
Намрийн ногоо шиг гандах хөөрхий
Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарчдээ хөөрхий
Дээж найргаа гүйцээсэн болч
Дэнгийн эрвээхэй шиг шатсанч яамай
Харахаас ялдам хонгор бүсгүй минь
Хайрын тухай битгий дуулаач
Найланхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч

 хэ хэ. Инээмээр санагдаад бүсгүй хүн болж төрсөндөө баярлаж байна шүү. Муухай эмэгтэй гэж нэг ч байхгүй. Бүх бүсгүйчүүддээ зориулав.





Friday, April 29, 2011

Арслангийн орд




 

Удирдан чиглүүлэх авъяастай, өгөөмөр шургуу зантай ч
Уршиг тарим асуудалыг харж шийдэхдээ хальширдаг
Өнгө болоод үзэмж нь гоо бөгөөд төгөлдөр ч
Өөрийн зугаа цэнгэлдээ урхидуулж орох нь элбэг
Өгөөмөр зан гаргаж бэлэг сэлт тараадаг
Өрөөл бусдыг магтаж тэдний хайрыг татдаг.
Арслан адил хэрцгий ч хайрлаж ,хайрлуулах нигууртай
Алив бусдыг удирдахад л хамаг бодол нь чиглээстэй. 
Миний орд. Энэ ёстой үнэн байна шүү. 

Thursday, April 28, 2011

Octavio Ocampo -ийн гайхалтай нууцлаг зургууд

Octavio Ocampo нь 1943 оны 2 сарын 28 нд Мексикд төрсөн. Түүний зургууд нь жижиг хэсгүүдээс бүрдэж нэгэн том зүйлийг илэрхийлдэг нь үнэхээр гайхалтай. Таалагдсан 2 зураг орууллаа. Үнэхээр гайхалтай.

Эх сурвалж: http://waw.gogo.mn/

Tuesday, April 26, 2011

Шүүмжлэлд дуртай хэн байхав гэхдээ...

                Шүүмжлэлд дуртай хэн байх вэ... гэхдээ шүүмжлэл сонсоход хэцүү ч бусдад хэрхэн үнэлэгдэж байгаагаа, юуг илүү анхаарах ёстойгоо мэдэж авах боломжийг олгодог.
Шүүмжийг хэлж буй хүн надад дургүй юм шиг, хэлж байгаа шүүмж бүр нь намайг унтраах гэж байгаа мэт санагдах үе зөндөө байдаг. Эргэн хархад үнэхээр миний бодит байдал тийм л байдаг.
Тиймээс би ухаантай шүүмжийг хүлээн авч, алдаагаа засаж амьдрах дуртай. Ямар ч хүний хувьд шүүмжийг шууд хүлээн авахад хэцүү байдаг. Иймд үнэхээр чи тэр хүнд сайн сайхныг хүсэж шүүмж хэлж байгаа бол бага зэрэг дасгаж байж хэлэх хэрэгтэй гэж зөвлөе. Мөн хэн нэгнийг олны өмнө чанга дуугаар шүүмжилснээр илүү сайн үр дүнтэй байна гэж байдаггүйг анхааруулъя. Хэрэв та сайн удирдагч, мөн манлайлагч бол энэ талаар илүү сайн мэдэж байгаа байхаа.

Monday, April 25, 2011

Бүсгүйчүүдийн ажил хэрэгч хувцаслалт

          Төрийн албан хаагч, сурган хүмүүжүүлэгч багш, менежер гэх мэт албан ажилтай бүсгүйчүүдийн хувьд албан байгууллагын удирдлага, хамт олон мөн ажлын хамтрагчдад үнэлэгдэж, тодорхой байр суурьтай байхын тулд ажил хэрэгч хувцаслалт маш чухал байдаг. Миний хувьд сайхан хувцасласан үедээ өөртөө илүү их итгэлтэй болж урам зориг дүүрэн ажилладаг. Бүсгүйчүүд маань хэдий ганган дэгжин, чамин хувцаслахыг хүсдэгч албан ажлын орчинд дараах байдлаар хувцаслах хэрэгтэй. 
  •  Хувцас 2-3 төрлийн зонхилох өнгөнөөс илүү байх ёсгүй. Гуравдагч өнгө нь 15 хувиас хэтэрч болохгүй.
  • Сайн чанарын, өндөр үнэтэй сүлжмэл костюмтанд тооцож болно
  • Гоёлын зүүлтний хувьд өмссөн хослолыг илүү тод, хурц болгоход тусалдаг ч түүнийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Энгэрийн зүүлт, хүзүүний зүүлт болон гинжийг нэгэн зэрэг хамтад нь хэрэглэх нь тохиромжгүй.
  •  Гутал, цүнх, үзэг, тэмдэглэлийн дэвтэр зэрэгт гар татах хэрэггүй. Эдгээр зүйлс нь таны хэв загварыг /стиль/ илэрхийлж байдаг.
  • Нүүрний будаг ба үнэртэнг хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ хэмжээг нь тааруулах нь чухал.
  •  Үс засалт болон үсний урт, богиноос үл хамааран ямар ч тохиолдолд үс угаасан, цэвэр байх ёстой. Урт үсийг боох эсвэл шуух нь илүү тохиромжтой.   

Бүсгүй хүн бүрт дур булаам шинж байдаг

         Энэ хорвоод муу хүн гэж байдаггүйтэй адилхан. Муухай эмэгтэй гэж байдаггүй. Бүсгүй хүн бүрд бусдыг татах шинж чанар байдаг. Ялангуяа дур булаам байдал. Уруул, нүд, хамар, хөл, хөх гэх мэтээр эрчүүдийн харцыг булаах зүйл бүсгүйчүүдэд олон бий. Зөвхөн дүр төрхөөрөө биш ухаалаг байдал,  ааш зан, яриа, биеийн хөдөлгөөн, биеэ авч яваа байдал зэргээрээ бусдад өөрийгөө илэрхийлж байдаг. Тэгэхээр бүсгүйчүүд бид заавал царайлаг байх албагүй өөртөө итгэлтэй байж өөрийнхөө давуу чанаруудыг бусдад харуулж түүнийгээ жаахан арчлахад л хангалттай.
            Хамгийн гол нь өөрийнхөө дур булаам, сайхан эмэгтэй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.  Үүний үр дүнд бусад хүмүүс чамайг дур булаам, сайхан эмэгтэй гэж харах болно. Урагшаа амжилт.

Saturday, April 23, 2011

Сонголт

           
      Амьдралынхаа туршид хүн бүр л сонголт хийж байсан. Бие дааж сонголт хийх өөр ойр дотныхоо хүмүүстэй ярилцан  сонголт хийх гэх мэтээр ... Миний хувьд олон сонголтыг бие даан хийж байсан байх юм. Хөнгөн хийсвэр байдлаар хийсэн сонголт ч байна. Сонголт бүр 100% зөв байна гэж байдаггүй. Өөрөө хийсэн сонголтдоо эргээд харамсах үе ч гардаг. Заримдаа ч бүх зүйл дэлгүүрээс бараа сонгохтой адил байдаг ч болоосой гэж боддог шүү. Сонголт маань хэсэг хугацааны дараа буруу байсныг мэдэх мөн сонирхол буурах үед буцаах эсвэл шинээр худалдан авчихдаг байсан бол ямар сайхан вэ. Гэхдээ даанч тийм биш. Хэрэв тийм байсан бол бүх зүйл зөв болоод амьдрал жаахан сонирхолгүй байх байсан биз дээ. Гэхдээ зүгээрээ миний алдсан сонголт бүр сургамж болж байгаа.





Friday, April 22, 2011

“Эмэгтэй хүний нүдэнд бүх гоо үзэсгэлэн нь агуулагдаж байдаг”


            Бяцхан хүү ээжээсээ “Та яагаад уйлаад байгаа юм бэ?” гэж асуужээ. Ээж нь түүнд “Би эмэгтэй хүн болохоороо уйлж байгаа юм” хэмээн хариулж гэнэ.
“Би ойлгохгүй байна” гэж хүүг хэлтэл ээж нь түүнийг тэврээд “Миний хүү хэзээ ч ойлгохгүй ээ” хэмээсэн аж.
Дараа нь бяцхан хүү ааваасаа “Ээж яагаад юу ч болоогүй байхад уйлаад байдаг юм бол?” гэж асуухад аав нь түүнд “Бүх л эмэгтэй хүн шалтгаангүй уйлдаг юм даа, хүү минь” гэхээс өөр хариулт хэлж чадсангүй.
Бяцхан хүү өсч том болсон ч эмэгтэй хүн яагаад уйлдгийг ойлгоогүй хэвээр байлаа. Тиймээс тэр Бурхан руу утасдахаар шийджээ. Бурханыг утсаа авахад нь “Эмэгтэй хүн яагаад тийм амархан уйлчихаад байдаг юм бол, Бурхан минь?” хэмээн өнөөх эр асуув.
Бурхан хариулахдаа:
“Би эмэгтэй хүнийг бүтээхдээ эрэгтэй хүнээс илүү, бас онцгой байлгахыг хүссэн юм.
Би тэдэнд энэ дэлхийн бүх хүнд ачааг үүрэх хангалттай хүч чадлын хажуугаар орчлон ертөнцийг уярааж зөөлрүүлэх зүрх өгсөн.
Би тэдэнд хүүхэд төрүүлэх, бас төрүүлсэн хүүхэд нь өөдөөс нь уцаарлахын зовлонг тэсч гарах сэтгэлийн тамир тэнхээ хайрласан.
Би тэдэнд бүх хүн шантарч байсан ч,  цуцалтгүй урагшлах эрс шийдэмгий байдал, ямар ч зовлон зүдгүүрийн үед гэр бүлийнхнээ асарч хамгаалах хатан зориг өгсөн.
Би түүнд хүүхэд нь түүнийг яаж ч гомдоож, зүрхийг нь шархлуулж байсан хайраа харамгүй зориулах нинжин сэтгэлийг өгсөн.
Би түүнд эр нөхрөө алдаа гаргахад нь уучилж өршөөх уужуу ухааныг өгсөн. Бас жинхэнэ эр хүн хэзээ ч эхнэрээ өвтгөдөггүй, гэхдээ зарим үед авааль гэргийнхээ өөрийнх нь дэргэд ганхалгүй байж чадах эсэхийг шалгадаг гэдгийг мэдрэх мэргэн ухаан өгсөн.
Тэгээд хамгийн сүүлд нь би түүнд хүссэн үедээ уйлах хангалттай нулимсыг өгсөн юм даа. Энэ нулимсыг тэр хэрэгтэй үедээ хэзээ ч урсгаж болох онцгой эрхтэй.
Хүү минь сонс. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг түүний өмссөн хувцас, бие галбираас нь харж болдоггүй юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нүднээс нь л хамгийн сайн харагддаг, учир нь нүд бол асар их хайрыг тээгч зүрх сэтгэлд хүрэх хаалга юм шүү дээ” хэмээн хэлжээ.
Тиймээс л бүсгүйчүүд бид эмзэг мэдрэмтгий, уян зөөлөн, бидний нулимс энэ дэлхийн хамгийн үнэтэй ус байдаг ажээ.
Эх сурвалж:  Гоолингоо.мн

Wednesday, April 20, 2011

Бүсгүйчүүд бидний сохирхол нэг иймэрхүү...

 
эх сурвалж: http://www.limit.mn

Нострадамус болон Ванга нар 21р зууны тухай юу зөгнөв

Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ

-2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ.
-Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ
-2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана.
-2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ.
-2010-2011 онд Дэлхийн III дайн дэгдэнэ. /Ванга бас ингэж зөгнөсөныг анхаарна уу/
-2021 онд олон улсын байдал намжмал болно.
-2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ.
-2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана.
-2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ.
-Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ.
2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ.
-2043-2046 он.Дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно, гэхдээ үе үе эмгэнэлт явдлууд гарах болно.


Вангагийн зөгнөл

Ванга 1911.01.31-нд төрсөн 1996.08.11-нд насан өөд болсон.
2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хүчээ авна. Эхлээд цөмийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он. Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бөмбөрцөгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.
2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт хавдар, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.
2016 он. Европ тив бараг хүнгүй болно.
2018 он. Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.
2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчидтай болно.
2028 он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. /Энэ нь халуун цөмийн урвалыг жолоодно гэсэн үг аж/ Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө.
2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.
2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
2066 он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт үүсгэнэ.
2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/
2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.
2111 он. Хүмүүс киборг болно. /Амьд робот/
2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад хийхгүй.
2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хун төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно.
2130 он. Харь гаригийнхны зөвлөснөөр усан дор колони байгуулна.
2164 он. Ан амьтан "хүний хагас" буюу хүнтэй төстэй болон хувирах явц эхэлнэ.
2167 он. Шинэ төрлийн шашин үүснэ.
2170 он. Их хуурайшилт болно.
2183 он. Ангараг гариг дээрх колонийн гүрэн цөмийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардана. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/
2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.
2195 он. Далай доорх колонуудыг эрчим хуч, хүнсний зүйлээр найдвартай хангана.
2196 он. Ази, европынхон бүрэн холилдож эрлийзжиж дуусна.
2201 он. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас хүйтрэлт болно.
2221 он. Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо үеэр хүн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна.
2256 он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна.
2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул нүүрлэнэ.
2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөнө.
2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ төрлийн арьстан үүснэ.
2279 он. Оргүй хоосноос эрчим хүч гарган авна. /Сансрын хар нүх мэтээс/
2288 он. Цаг хугацаагаар аялна. Харь гаригийнхантай хэлхээ холбоо тогтооно
2291 он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана.
2296 он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно. Үүний улмаас таталцлын хүч өөрчлөгдөж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ.
2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302 он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.
2304 он. Сарны нууцыг нээнэ.
2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгүй болгоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт үүснэ.
2371 он. Нийтийг хамарсан аймшигт өлсгөлөн нүүрлэнэ.
2378 он. Шинэ арьстнууд түргэн өсч үржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ.
3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам өөрчлөгдөнө.
3010 он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бүхий бүслүүр үүснэ.
3797 он. Дэлхий дээрх бүх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн төрөлхтөн хэдийнэ өөр гариг дээр шинэ соёл иргэншил үүсгэсэн байх болно.

Tuesday, April 19, 2011

Шинэ эриний хүүхдүүд гэж ...

           Сүүлийн үед төрж байгаа хүүхдүүд арай л өөр байна гэсэн үгийг хүн бүр л сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Ааш зан бие даах чадвар, өсөлт гэх мэтээр өөрчлөгдсөн зүйл олон гарч байна гэж ахмад үе маань ярьж байна. 
Энэ тухай эрдэмтэд ч бас аль хэзээний судалж эхэлсэн байна. Бидний биеийн эргэн тойронд аура (гэрлэн бүрхүүл) байдаг. Энэ гэрлэн бүрхүүл нь энгийн хүмүүст шар, ногоон өнгөтэй байхад индиго хүмүүсийн аура нь нил ягаан өнгөтэй байдаг. Индиго хүн багаасаа онцгой зан ааштай, сэтгэн бодох чадвараараа ямагт давуу байгаа нь мэдэгдэж эхэлдэг байна.

Monday, April 18, 2011

Ертөнцийн татах хүчний хууль гэж байдаг

         Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл утга учиртай. Бид үүнийг цаг хугацааны явцад мэддэг. Бидний одоо хэрхэн амьдарч байгаа цаашид хэрхэн амьдрах зэрэг нь бидний хийж буй үйлдэл бас бидний бодол санааны үр дүн байдаг. Үүнийг Монголчууд аль эртнээс л мэддэг байсан. Хангай дэлхий, уул ус, од, сар, нарандаа өөрсдийгөө даатган сайн сайхан бүхнийг хүсдэг байсан. Биднийг эргэн тойронд байнга ертөнцийн татах хүчний хууль үйлчилж байдаг.

Амьддаа бие биеэ хайрла

                                                                    (О.Дашбалбар) 
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла.

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул,

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх.

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ,

Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.

Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг.

Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй түүнийг нь олж хэл.

Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дурласан сайхан хөвгүүдийг

Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь

Чамайг хайрласных нь хариуд хайрла.

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,

Бидний хоолой дээр үг хүртэл нэг л янзаар зангирч

Бидний хацар дээр нулимс хүртэл нэг л янзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог.

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг.

Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад.

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч

Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах нь дуулна,

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла.

Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй.

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.